Боловсролын яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны
08 сарын 17-ны өдрийн 300/198 тоот тушаал, захирамж гарч, Сүхбаатар дүүргийн
8-н жилийн сургалттай XI сургуулийн хэв шинж, бүтцийг өөрчлөн, 1990-1991 оны
хичээлийн жилд анх захирал Ц.Гантулга,
Хичээлийн эрхлэгч Ү.Маам, математикийн багш Г.Ганбат, Н.Дашдаваа, Б.Наранхүү,
физикийн багш А.Жанчивдорж,
англи хэлний багш А.Ариунболд нарын багш
нар V-VII ангийн 6 бүлэгт 120 сурагчтайгаар байгуулсан бөгөөд өнөөдөр 26 багш,
600 гаруй сурагчтай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
Тус сургууль нь ерөнхий боловсролын
сургуулийн V ангийг төгсгөсөн сурагчдаас
элсэлтээ хийж VI ангиас нь эхлэн суралцуулж математик, физик, компьютер, англи
хэл, шугам зургийн хичээлийг тусгай хөтөлбөрөөр
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас илүү цагаар гүнзгийрүүлэн судлуулж XI
анги төгсгөдөг онцлогтой.
Манай
сургууль өнгөрсөн хугацаанд 14 удаагийн төгсөлтөөр 1025 сурагч төгсгөсөн нь дотоод гадаадын их, дээд сургуульд 100 % элсч
тэдний 60 хувь нь хөгжингүй орнуудад суралцаж, мөн их дээд
сургуульд 12 нь багшилж байна. Олон улсын математикийн олимпиадаас 21 медаль
авч /түүнд оролцогч/ 82 орноос 61 дүгээрт байсан Монголын багийг
25 дугаарт оруулсан нь түүхэнд урьд өмнө байгаагүй амжилт гаргасан юм. Түүнээс
гадна Евро-Ази, Казакстан, Оросын
холбооны Саха улсад болдог Олон улсын уламжлалт олимпиадуудаас 8 медаль, Улс,
хот, дүүргийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг математик, хими, физик,
мэдээлэл зүй, орос хэл, монгол хэл, газар
зүй, нийгмийн тухай мэдлэг, англи хэл зэрэг хичээлүүдийн олимпиадуудаас манай багш, сурагчид нийт 30 гаруй цом, 1500 гаруй медаль авсан
нь тус хамт олны гол бахархал
билээ.
Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн оюуны
чадавхи өндөртэй хүүхдүүдийн мэдлэгийг улам илүү хөгжүүлэхийн тулд заах арга,
ур чадвар сайтай, мэргэжилдээ тэргүүний багш нарыг сонгон шалгаруулж,
тэдний хүчийг нэгтгэн ажилласнаар
дээрх үр дүнд хүрч чадсан.
1998 онд
АНУ-ын тусламжтайгаар биеийн тамирын заал баригдсан. 2005
онд Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслөөр хичээлийн байранд 60 сая төгрөгийн
засвар хийсэн.
Тус сургуулийн сүүлийн
жилүүдийн ажлын амжилтыг үзүүлбэл:
- 2003 онд БСШУЯ, Монголын багш нарын холбооноос төгсөгчдийн
амжилтыг үнэлж ЕБС-иудаас анхны ``Шилдэг бүтээгдэхүүн нийлүүлэгч
байгууллага`` хүндэт өргөмжлөл
- 2004 онд БСШУЯ, Монголын сурагчдын
холбооноос нийт сургуулиудын сурагчдаас санал авч ``Хүүхдэд ээлтэй шилдэг
сургууль`` хүндэт өргөмжлөл
- 2005 онд санхүүгийн үйл
ажиллагаагаараа “Ня-бо бүртгэлийн олон улсын стандарт хангасан
байгууллага” гэрчилгээ,
- Монголын ёс заншлын олон улсын холбооноос “Монгол
улсын математикийн шилдэг сургууль” цол, алтан медаль,
-2006 онд СБД-ээс “Гадаадын хөрөнгө оруулалтаар
сургалтын тохилог орчин бүрдүүлсэн хамт
олон” батламж
- БСШУ-ны яамнаас “Шилдэг
сургууль, хамт олон” цол, хүндэт
өргөмжлөл,
- БСШУЯ-ны
Боловсролын үнэлгээний төвөөс МУ-д
зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий
шалгалтад сургуулиараа улсад 2006,
2007, 2008 онуудад эхний байруудад шалгарч үнэмлэхүй амжилт гаргасан
тул “Шилдэг үнэлгээтэй
сургууль” өргөмжлөл,
- 2007 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Тэргүүний
Өмч эзэмшигч байгууллага”
өргөмжлөл
-
2007 онд олон нийтийн санал
асуулгаар “Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага” өргөмжлөл тус тус авсан билээ.